February 5, 2011

Багш нарынхаа тухай би өөрөө

Багш гэдэг хүн миний хувьд,ерөөс хүн болгоны хувьд аав ээжийн дараа орох ачтан.Аав ээж 2 ийнхоо үгнээс хааяа зөрж чаддаг байсан ч багшийн хэлсэн үгнээс хазайж зүрхэлдэггүй байлаа.Авиа унагаж эхлэсэн үеэс минь л  аав ээж гэж хэлүүлэх гэж,алхуулж сургах гэж анх надад эцэг эх хоёр минь багш болсон байх.Яслийн багш нараасаа би наанадаж л аягатай каашаа асгахгүй идэх аргыг заалгасан болов уу.
Цэцэрлэгийн багш нараараа би  цэцэгний тухай,нарны тухай,цэнхэр гарагийнхаа тухай зөндөө олон дуу шүлэг заалгаж,өхөөрдсөн хэний ч өмнө өврөө уудлатал нь дуулчихтайгаа болсон.Миний санаанд үлдсэн нэг дуу бий.
Бөмбөрцгөн бөөрөнхий хэлбэртэй
Бүслүүр хавчаар тохирсон
Бөөрөнхий дугариг тоорцог
Толгой дээрээ дэгжин...гээд цаашаа үргэлжилдэг дээ.Энэ дуу бас өөрийн гэсэн хөдөлгөөн бүжигтэй.Дуугаа дууллаа л бол бүжгийг нь бас хийнэ.Заавал хийх ёстой.Яагаад гэвэл багш тэгж заасан.Хөөрхөн ч байж дээ.Би өөрийн эрхгүй инээд алдчихлаа.
Анх надад багш маань нь л дэлхий бол бөөрөнхий гэж хэлсэн.Тэгж би дэлхийг бөөрөнхий гэж мэдэж авсан.Тэрнээс биш би өөрөө хараагүй.Хэрэв тэгж хэлээгүй бол хавтгай гэж үздэг харанхуй зууныхны нэг нь болчихсон ч явах байсан юм бил үү хэн мэднэ.ккк.
Багш надад теорем бол батлах шаардлагагүй үнэн гэж хэлсэн.Тэгээд л би теоремд огт эргэлзэлгүйгээр итгэсэн.Теорем,багш хоёрыг хэзээ ч худлаа хэлдэггүй гэдэгт итгэсэн.
Багш надад Мендлеевийн үелэх системийн 118 элементийг нүдлүүлж,би анх химийн талаар төсөөлөлтэй болж байсан.Хуруу шилнээс хүн төрж болдогийг сонсоод худлаа гэж огтхон ч бодолгүй итгэсэн.Багш хэлсэн болхоор л тэр.
Багш надад физикийн хуулиудыг зааж,Ньютоны толгой дээр унасан алимны ачаар дэлхийн татах хүч нээгдсэнийг мэдсэн.Яг юу өгүүлдэгийг нь одоо мартчихсан хэрнээ ЭКВИВАЛЕНТ ЧАНАР гэдэг үг өнөө хүртэл толгойд явж л байх.
Тарпээц (ТРАПЕЦ)  гэдэг нь хэзээ үеийнхний ч билээ моодонд орж байсан өмдний нэр биш,геометриийн дүрсний нэр гэдгийг багшийн зааснаас би ойлгож,гурвалжин гэж ганцхан нэртэй мөртлөө адил хажуут,тэгш өнцөгт,хурц,мохоо гээд хичнээн олон төрөлд гурвалжилж болдгийг мэдэж авсан.10 жил төгстлөө салаагүй 2 найзтайгаа би адил талт гурвалжин шиг л нөхөрлөж явсан.
Анх гэрийн даалгавар хийх гэж “Монголын нууц товчоо”-г нээснээ,хожмоо “Халтар царайт”-ын олон ангинаас ч хавьгүй олон уншчихсан байсан.Цус,нэр,удмаараа бахархах цуутай занг надад түүхийн багш маань л өгсөн.
Багш нарынхаа хэлсэн үгээр хорвоог ойлгож,заасан зүйлсээр нь би өөрийгөө бий болгосон.
Би багш гэдэг тольны тусгал юм аа.
Бага ангид байхад нэг улирлын амралт эхлэх хамгийн сүүлийн өдрийн хичээл орж дууссаны дараа багш гэрийн даалгавар нтр ээ өгөөд тарж болно гэвээ.Мэдээжээр,хүүхдүүд бөөн баяр болон гүйлдэн тархад багш намайг ганцааранг маань дуудаж байна.Тэгээд толгой илж,миний хүү толгойгоо сайн угааж байгаарай,за юу гэв.Тэр үед би юу ч бодоогүй.За гэчихээд л гүйгээд явчихсан.Гэхдээ удалгүй багшийн хэлсэн үгний учрыг олсон юм.Миний үс “адуу”тай болчихсон байж л дээ.Ээжийн хатуу гар,шүүр хоёр хуйхыг минь хуулартал хэд шүүрдэж байж хэвийн байдалдаа орж билээ.Багш гэдэг ямар хүн байдгийг тэгэхэд үнэхээр гайхтал мэдэрч байсан.Шавийнхаа үсийг хүртэл анзаарч,санаа тавьж явдаг сэтгэл миний багшийнх.Бага ангийн тэр багшийг минь Цэрмаа гэдэг.Баянхонгор аймгийн бага сургуульд багшилж байсан,одоо хотод амьдарч байгаа ээж шиг минь сайхан хүн бий.
Дунд ангийн маань багшыг Гантулга гэдэг.5-р ангид бид нарыг дөнгөж төгсөж ирээд дааж авч байсан шинэхэн багш.Одоо бодход энэ багш маань ямар их зүйл амжуулдаг байгаа вэ гэж гайхдаг.Ангиа математикийн гүнзгийрүүлсэн анги болгож,бид нарыг скаутын холбоонд элсүүлж,сургуульдаа ангиараа бие даан удаа дараа үзэсгэлэн гаргаж,энд тэндхийн тэмцээн уралдаанд биднийг байнга бэлтгэн оролцуулж,тэгээд болж л өгвөл медаль зүүчихдэг байсан даа.Урлагийн үзлэгийг л лав барагтай бол алдаж байгаагүй юмдаг.Багш маань нэг удаа эмнэлэгт хэвтэж гарч ирээд бид нартай ярилцаж суухдаа : хамт хэвтэж байгаа хүмүүс намайг,та дандаа л хэдэн хүүхэд минь яаж байгаа бол гэх юм,хэдэн хүүхэдтэй вэ гэхээр нь надад 39 хүүхэд бий гэдэг.Гайхаад урдаас хархаар нь би багш хүн л дээ гэдэг юм гээд яриж байж билээ.Багш хүний сэтгэл яг л эх хүний зүрх мэт цохилодог юм билээ.
Миний хамгаас их хайртай,сэтгэлдээ хамгийн их өр тээж явдаг багш минь монгол хэлний багш маань билээ.Багшийг минь Чимэдцэрэн гэдэг.Багш нь та хэдийгээ төгсгөөд тэтгэвэртээ гарнаа гэдэг байсан.Хэлж байсанаараа тэтгэвэртээ гарсан л даа.Гэхдээ бас гараагүй.Одоо хүртэл зүгээр сууж чадалгүй,энд тэнд сайн дураараа цагын ажил хийж,өөрийгөө ядраагаад л явдаг сурагтай.Сурагтай шүү.Би 10 жилээ төгссөнөөс хойш хамгийн хайртай багш дээрээ очиж,хацраа үнсүүлж амжаагүй л явна.Багш маань надад яг л ээж шиг минь,эмээ шиг минь санагддаг байлаа.Надад үнэн сэтгэлээсээ хайртай байсан.6-р ангид байхад ямар ч билээ нэг шүлгийн тэмцээнд намайг ор гэж даалгавар өгөөд,тэгээд би шүлэг бичдэгтээ ч биш,ерөөс даалгаврыг биелүүлэх ёстой сурагч хүний үүргээр тэр тэмцээнд ороод 2-р байрт орчихов.Тэгээд л урамшсандаа ч юмуу шүлэг оролдож эхлэсэн.10-р ангиа төгсөхөд сургуульдаа 3,аймагтаа 2 түрүүлчихсэн байдаг байгаа.Өөрийгөө их томд тоож,том том бичиж явсан навсгар хэдэн шүлгийг маань нэхсээр байж авч яваад компьютэр,интернет гэдэг зүйл аймгийн төвд байтугай хотод дэлгэрээгүй байхад хаана ч хэвлүүлсэн юм,жижигхээн ном болгоод авчирч өгч байж билээ.Би 10 жилдээ номоо гаргаад амжсан нэрд гараагүй зохиолч оо.Багшийн минь л сэтгэл.Тийм сайхан,ийм сайхан багш нараар би хөтлүүлж,тэврүүлж,үүрүүлж өдий хүрчээ.
Одоо миний үеийн найз нар маань,ангийн маань андууд төрөлх сургуульдаа багшилж,багш нарынхаа тэр их сэтгэл,бас зовлонг үүрч,бас яг л тийм сэтгэлээр шавь нараа гэж явна.Тэднийг би азтай хүмүүс гэж боддог.Та нартаа,Монголынхоо бүх багш нарт,миний гэх ертөнцийг бүтээж өгсөн бурхан мэт тэр агуу хүмүүст  Монголын багш нарын баярын мэндийг хүргье.

ТаДС-д сурч байхдаа багш нартаа зориулж бичиж байсан шүлэгнээсээ энд оруулж байна.



Алтанхуяг багшдаа :

Алтан ургийн залууст
Алтан ургийн түүх зааж,
Алтанхуяг багш анги дотроо завгүй.
Аман дотроо хэл нь завгүй.
Сануулж байхгүй бол хадуурна шүү гэж эхлээд
Самбар дээр кино гартал ярина.
Өөрөө найруулж,зураглаж,монтажилж,гол дүрд нь тоглож заана.
Өнөөх хэдэн оюутан нь хуруугаа хөхөж сонсоно.
Хэлж,хайлж,бөөлсөөр...
Хэдэн минут нь өнгөрчихдөг өө.
Хичээлийн завсарлагааны хонх жингэнэхэд
Хэл нь борлочихсон гарч явдаг аа.

Нэн харамсалтай нь одоо энэ багш минь бидний дунд үгүй.Түүхийг,Монгол хүн болж төрсөний бахархлыг ямар гайхалтайгаар өгүүлдэг байсан гээч.Багшийнхаа гэгээн дурсгал дор мөргөнөм.



Энхтөр багшдаа :

Обьект,субьектээ ялгахгүй энэ хэдэд
Онол заах гэж Монгол хэлээ дууслаа.
Яршиг больё гээд хаалга саваад гармаар болох юм.
Ярисаар байтал өөрөө ч ойлгохоо байлаа.
Гэхдээ ингэж зүдэрсэн ч,
Гэрээсээ хөөгдөж ядарсан ч,
Хөтлийн цементэнд булууллаа ч,
Хөндийн жаварт нулиуллаа ч,
Үүлэн дээрээс ч хашгирч заана би,ТЭЗО гоо.
Үнсэн доороос ч хахаж заана би,ТЭЗО гоо.
Хаврын эхний цэцгэн дээр
Хур буутал нь заана би,ТЭЗО гоо
Харсаар байтал чинь та нарыг
Хуульч болгож заанаа би,ТЭЗО гоо.

Зүүлбэр: ТЭЗО гэдэг нь Төр Эрх Зүйн Онол гэсэн товчлол юм.


Батжаргал багшид :

Цэцэгмаа,Алгирмаа,Хандармаа,Дүүриймаа нараасаа илүү
Цэцэн мэргэнд дурлаж,
Цээжнээсээ гэрэлтсэн багш минь.
Сэргэн мандалтын үед байсансан бол
Сэхээтэн байж,
Өнөө муу Бруног шатаахад нь
Өмөөрч явах байсан юм.
Шүлэг сонсоод гэнэт уур хүрчихлээ.
Шүлсээ нэг удаа хаячихад яадгийм,түй чоорт.

Зүүлбэр: Батжаргал багш маань бид нарт философийн хичээл ордог байв.Философи гэдэг нь цэцэн мэргэнд дурлах гэсэн утгатай хэмээнэ.Бас багш маань хэлэхдээ философич хүн шүлсээ хүртэл хаяхаас цээрлэдэг гэдэг байв.Харин би шүлгээр,багшаараа нэг удаа шүлсийг нь хаюулчихсан юм ккк.

No comments:

Post a Comment